Хүнд итгэхээ байчихжээ би. Нэг их олон удаа хүнд хууртаж, мэхлүүлээд голдоо ортол гомдож, тархиа шааж, өвдгөө тэвэрч сууж үзээгүй ч үзэж туулсан, харж мэдэрсэн бүхэн минь намайг нэг л хэрсүү болгочихож. Мэдээж бас тэр нэгэн хүнээс болоод би бусдыг хайрлаж чадах эсэхтээ эргэлздэг болж. Өөрөө өөрийнхөө хэсэг зуурын зугаа цэнгэлийг хөөж, заримдаа намайг шаналгаад байдаг энэ их ганцаардлыг үлдэн хөөхийн тулд би наашаа гэсэн бүхэнд найр тавиад байж болох ч өөрөө өөрийнхөө бодлогогүй хийсэн ганцхан алхмаас болоод хүний үрийн зүрх сэтгэлд насан туршид нь арилахааргүй хар толбо үлдээж болзошгүй тул би болгоомжилдог. Гэтэл сүүлийн үед энэ бодол минь намайг зожиг, ганцаардмал, дүнсгэр, хахир хатуу, муухай ааштай болгоод байх шиг. Нэлээн дээхнэ тэр нэгний хэлснээр би гэдэг хүн зэвтэй төмөр шиг л болчихож. Заримдаа үйлдэл бүрээ хянаж, цэгнэх ямар хэцүү байдаг гээч. Хааяа амьдрал намайг яллаад байгаа юм шиг санагдах юм. Ингэж явсаар нэг л мэдэхэд надад алдах цаг хугацаа ч үлдэхгүй болчихсон байх вий гэж сүүлийн үед айхын. Одоо ч тэгээд гадуур цээжийг нь дэрлэж ганц сайхан хэнгэнэтэл уйлаад сэтгэлээ онгойлгочихмоор залуус ховор харагдах болж дээ. Бүгд л гулжиганасан, нялцганасан, доожоогүй. Цаанаа л нэг хийморь сүлдгүй. Тэдэнд өөрийнхөө хувь заяаг итгэж даатгах нь бүү хэл тавтайхан таван үг солиход ч хүндрэлтэй байхын. Нэг л их зугаа цэнгэлд дуртай улс. Эр эмгүй л нэг тиймэрхүү хандлагатай. Эм нь амар хялбар амьдрал хайсан, эр нь амар хялбар хүүхэн хайсан хүмүүс л болсон юм шиг надад санагдах боллоо. Гэхдээ бүх хүмүүсийг хэлж байгаа юм биш л дээ. Магадгүй надтай л үргэлж ийм хүмүүс нь учраад байдаг ч юм билэв үү. Сайны хажуугаар саар мундахгүй гэдэг шиг. Ажиллаж хөдөлмөрлөж, ар гэрээ авч яваа, чадварлаг толгойтой залуус олширсон. Залуус гэдэгт бүчгүйчүүд ч багтаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй байх. За тэгээд иймэрхүү мэр сэр ниймийн гажуудлаас болоод би энэ бүхэнтэй нэгдэн нийцэж, хэнтэй ч хамаагүй холбогдоод болохгүй бол болино гэдэгтэй санал нийлж чадахгүй байгаа учраас ганцаардаж яваа хэрэг. Гэтэл сүүлийн үед ажил амьдрал найз нөхдийн хүрээлэлд чимээгүйхэн орж ирчихээд хүчтэй дайралт хийгээд байгаа тэр залуугаас болоод нөгөөх хатуу төмөр мэт байр суурь маань ганхаж эхэллээ. Бусдаас онцгойрсон гэрэлтсэн царай, гялалзсан машин байхгүй ч хэлэх үг хийх үйлдэл нь түүнийг бусдаас өөр хүн шүү гэж хэлээд байх шиг. Мэдкүү юм даа. Хэтэрхий удаан царцмаг байсан сэтгэл гэдэг эрхтнийг минь хайлуулах оролдлого хийгээд жаахан ч гэсэн шингэлж чадсан болохоор сэтгэл хөдлөсөндөө "нөгөөх л адилхан хүмүүс" гэж хардаг нүдийг таглачихаад арай өөр болгож харах гээд зүтгүүлээд байгаан болов уу? Ерөөсөө нүүр өгөхгүй юм шүү гэж бодсон хэрнээ л үзээд алдах уу гэж цаанаас нэг ёрын бодол хатгаад болохоо болилоо. Ялангуяа намайг ширтэх ялимгүй гуниг хургаж, хэрсүү суусан хэрнээ хэнд ч үл анзаарагдам инээмсэглэл бүүдийсэн тэр нүдийг нь харахаар л........ Өөр хэн нэгэн намайг ширтвэл огт тоомжиргүйгээр орчин тойрондоо зохицуулаад үл тоомсорлох уу, хялам хийхүү, эсвэл инээмсэглэх үү гэдгээ өөрөө тэр дор нь шийдээд хариу үйлдэл үзүүлчихдэг би тэрнийг надруу харахаар нь өмсөж яваа цамцруугаа тэр чигээрээ шургаад орчихмоор санагдахын. Одоо бүр өөрийгөө яах бол гэж айгаад урилга бүрт нь татгалзсан хариу өгч түүнээс зугтаж байгаа. Ямартай ч бууж өгөлгүйгээр хэсэг гүрийнээ.